АҮЭБЯ-НД “ГАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОЁРДУГААР ШАТНЫ ҮНЭЛГЭЭ ЭХЭЛЛЭЭ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд 2026 оны аравдугаар сарын 13-ны өдөр “Ган үйлдвэрлэлийн цогцолбор” төслийн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах дэд ажлын хэсгийн хуралдаан болж, хоёрдугаар шатанд шалгарсан компаниудын хөрөнгө оруулалтын саналыг нээн, үнэлгээний ажлыг эхлүүллээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 56 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам төслийн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байна.


Монгол Улсын Засгийн газраас 2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр олон улсын хөрөнгө оруулагчдад сонгон шалгаруулалтын урилга хүргүүлсэн бөгөөд эхний шатанд олон улсын таван компани хөрөнгө оруулах саналаа илэрхийлжээ. Үүнээс шаардлага хангасан хоёр компанийг хоёрдугаар шатанд шалгаруулж, хөрөнгө оруулалтын саналаа ирүүлэх мэдэгдэл хүргүүлсэн байна.
Хоёрдугаар шатанд шалгарсан компаниуд 2026 оны есдүгээр сарын 28-ны өдөр хөрөнгө оруулалтын эцсийн саналаа ирүүлсэн бөгөөд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд болсон дэд ажлын хэсгийн хуралдаанаар эдгээр саналыг нээн, үнэлж эхэлсэн юм.


Төслийн стратегийн хөрөнгө оруулагчийг 2026 оны дөрөвдүгээр улиралд багтаан сонгон шалгаруулж, 2027 оноос бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
“Ган үйлдвэрлэлийн цогцолбор” төсөл нь жилд нэг саяас доошгүй тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, төмрийн хүдрээс ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологид суурилсан Монгол Улсын анхны гангийн үйлдвэрийн цогцолбор болох юм.
Уг төслийг сонгон шалгаруулалтаар тодорсон стратегийн хөрөнгө оруулагч Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын ган бүтээгдэхүүний хэрэглээний 70 орчим хувийг хангах боломж бүрдэхээр тооцоолж байна.
Энэхүү төсөл нь төмрийн хүдрийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ган бүтээгдэхүүний импортын хамаарлыг бууруулах, үндэсний хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд стратегийн ач холбогдолтой юм.



![]()