УИХ АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ БАТАЛЖ, ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ХИЙЛЭЭ
Монгол Улсын геологи, уул уурхайн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, байгалийн баялгийн үр өгөөжийг өсгөхөд чиглэсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хурал эцэслэн баталлаа.

Энэхүү хууль нь геологийн судалгаа, эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, олборлолтоос боловсруулалт руу шилжих бодлогыг дэмжихэд чиглэсэн эрх зүйн чухал шинэчлэл юм.
ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ОНЦЛОХ ЗУРГААН ЗОХИЦУУЛАЛТ:
Нэгдүгээрт, геологийн судалгаа, эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг сайжруулна. Ингэснээр ашигт малтмалын шинэ орд, илрэлийг нээн илрүүлэх, Монгол Улсын эрдэс баялгийн нөөцийг арвижуулах, салбарын урт хугацааны хөгжлийн суурийг бэхжүүлэх боломж бүрдэнэ.
Хоёрдугаарт, чухал ашигт малтмалын бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бэхжүүлнэ. Дэлхийн зах зээлд эрэлт нь нэмэгдэж буй стратегийн ач холбогдолтой эрдэс баялгийн нөөцийг тогтоох, ашиглах, боловсруулах чиглэлээр үндэсний ашиг сонирхолд нийцсэн бодлого хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлнэ.
Гуравдугаарт, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Ашигт малтмалын нөөцийг иж бүрэн ашиглах, олборлолтоос боловсруулалт руу шилжих бодлогыг дэмжих нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгоход чухал нөлөө үзүүлнэ.
Дөрөвдүгээрт, уул уурхайн салбараас орон нутагт хүртэх өгөөжийг нэмэгдүүлнэ. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилах хувь хэмжээг 2 дахин нэмэгдүүлж, нөлөөлөлд өртөж буй нутаг дэвсгэрт түлхүү хуваарилах бодлого хэрэгжүүлнэ.
Тавдугаарт, уурхайн нөхөн сэргээлт, хаалтын эрх зүйн зохицуулалтыг сайжруулна. Уурхайн нөхөн сэргээлт, хаалтын ажлын хэрэгжилт, санхүүжилтийн бүрдүүлэлтийг жил бүрийн уулын ажлын болон баяжуулалтын тайлантай уялдуулан тайлагнах тогтолцоог нэвтрүүлж, уурхайн хаалтын бэлтгэл, санхүүгийн хариуцлага, байгаль орчны нөхөн сэргээлтийн хэрэгжилтийг сайжруулах боломж бүрдэнэ.
Зургаадугаарт, зэсийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг олон улсын жишигт нийцүүлнэ. Ингэснээр зэсийн баяжмал үйлдвэрлэл 3.3 сая.тн хүртэл буюу 47 хүртэл хувиар, АМНАТ ногдуулалтыг 2.25 их наяд хүртэл буюу 37 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
Ашигт малтмалын тухай хуульд оруулсан энэхүү нэмэлт, өөрчлөлт нь геологийн хайгуулаас олборлолт, боловсруулалт, экспорт хүртэлх эрдэс баялгийн үнэ цэнийн сүлжээг хөгжүүлж, байгалийн баялгаас Монгол Улс, орон нутаг, иргэдийн хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд чиглэсэн эрх зүйн шинэчлэл юм


![]()