АҮЭБЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ДАШПҮРЭВ ШАТАХУУНЫ НӨӨЦИЙН АГУУЛАХ, ШИЛЖҮҮЛЭН АЧИХ БАЙГУУЛАМЖИЙН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ээлжит шуурхай хуралдаан болж, Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хуралдааныг удирдан явууллаа.

Шатахууны стратегийн нөөц, дэд бүтцийн төслүүдийн талаар:
Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй шатахууны нөөцийн агуулах байгуулах, төмөр замын вагонцистернээс шатахуун шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадлыг өргөтгөх, шаардлагатай вагонцистерн худалдан авах ажлын төлөвлөлт, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхээр боллоо.
Түүнчлэн Хөшигийн хөндийд шатахууны агуулах байгуулах төслийн бодлого, стратеги, хэрэгжилтийн төлөвлөгөөг яаралтай боловсруулахыг холбогдох газар, хэлтсийн удирдлагуудад даалгалаа.
Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шатахуун шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, стратегийн нөөцийн агуулах байгуулах ажлыг тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо. Эдгээр төсөл нь Монгол Улсын шатахуун хадгалах, тээвэрлэх, татан авах хүчин чадлыг нэмэгдүүлж, нийлүүлэлт тасалдах эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.



Газрын тос, уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлого, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар:
Газрын тосны бүтээгдэхүүн боловсруулахтай холбоотой хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг холбогдох байгууллагад хүргүүлсэн талаар мэдээлэл өглөө.
Мөн гангийн үйлдвэрийн цогцолбор байгуулах төсөл болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн боловсруулалтын явцыг хэлэлцлээ. Түүнчлэн салбарын үйл ажиллагаатай холбоотой зургаан дүрэм, журмыг Засгийн газарт хэлэлцүүлэхээр хүргүүлсэн талаар танилцуулав.


Төрийн үйлчилгээний цахимжилтын талаар:
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлдэг өргөдөл, хүсэлтийг хүлээн авах, холбогдох үйлчилгээг үзүүлэх үйл ажиллагааг нэгдсэн цахим системд шилжүүлэх ажил үргэлжилж байна.
Энэхүү ажлыг эрчимжүүлж, энэ долоо хоногт багтаан дуусгахыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Хуралдааны төгсгөлд шатахууны хангамжийг тогтворжуулах, салбарын стратегийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллахыг газар, хэлтсийн удирдлагуудад даалгалаа.


![]()