АҮЭБЯ-НЫ ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛДААНААР САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, СТРАТЕГИЙН ТӨСЛҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ээлжит шуурхай хуралдаан болж, хуралдааныг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явууллаа.
Хуралдааны эхэнд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль эцэслэн батлагдсаныг онцолж, хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлыг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцэв.
Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан холбогдох дүрэм, журмыг шинэчлэх, шинээр боловсруулах, шаардлагатай зохицуулалтыг батлуулах ажлыг шуурхай зохион байгуулж, хуулийн хэрэгжилтийг хангахыг холбогдох газар, хэлтсийн удирдлагуудад үүрэг болголоо.

Мөн стратегийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлыг хөндөж, энэ хүрээнд Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажлыг хууль тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулахыг даалгав. Түүнчлэн холбогдох байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж, өгсөн үүрэг даалгаврын биелэлтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг чиглэл болголоо.



Үүнээс гадна Үндэсний геологийн албаны архивын байр, баримт бичгийн хадгалалт, хамгаалалттай холбоотой асуудлыг шийдвэрлэх хүрээнд холбогдох байгууллагад албан шаардлага хүргүүлж, асуудлыг шийдвэрлүүлэх чиглэлээр шуурхай ажиллахыг үүрэг болголоо.
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ

![]()