ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН ХЭМЖИЛТ, ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
олон улсын стандартад нийцсэн цөмийн болон цацрагийн хэмжилт, шинжилгээний лаборатори байгуулах асуудлыг судлах ажлын хэсгийн анхдугаар хуралдаан өнөөдөр (2026.10.22) Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд боллоо.
Хуралдааныг АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв ахлан явуулав.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын А/200 дугаар тушаалаар байгуулагдсан тус ажлын хэсэг нь салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн 21 гишүүнтэйгээр цөмийн болон цацрагийн хэмжилт, шинжилгээний лабораторийн үйл ажиллагааны чиглэл, байршил, техник, технологийн шаардлага, санхүүжилт, эрх зүйн орчин болон олон улсын стандарт, итгэмжлэлийн шаардлагыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэгтэй.

Энэхүү лабораторийг байгуулснаар ураны хайгуул, олборлолтын бүсийн хөрс, ус, агаар дахь цацрагийн түвшнийг олон улсын стандартын дагуу хэмжиж, шинжлэх, болзошгүй эрсдэлийг эрт илрүүлэх, хүн, мал амьтан, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бодит мэдээлэлд тулгуурлан үнэлэх боломж бүрдэх юм. Мөн иргэдийг шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөв мэдээллээр хангаж, цацрагийн аюулгүй байдалд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.

Хуралдаанаар лабораторийг Дорноговь аймагт байгуулах боломжийг судлах талаар хэлэлцэв. Тус лабораторийн хөрөнгө оруулалтад “Орано Майнинг”, “Бадрах Энержи” компаниуд оролцохоор яригдаж байгаа бөгөөд санхүүжилт, хэрэгжилтийн нөхцөлийг нарийвчлан судлах юм.
Хуралдааны үеэр Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв лаборатори байгуулахтай холбоотой судалгаа, төлөвлөлтийн ажлыг 2026 оны арван нэгдүгээр сард багтаан боловсруулж дуусгахыг үүрэг болголоо.

Тэрээр олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулах нь иргэдийн эрүүл мэнд, мал амьтан, байгаль орчныг цацрагийн болзошгүй эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, цацрагийн аюулгүй байдлын хяналтыг сайжруулахад чухал ач холбогдолтойг онцолж, ажлын хэсгийн гишүүдийг мэргэжлийн өндөр хариуцлагатай, шуурхай ажиллахыг чиглэл болгов.
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ

![]()