АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам салбарынхаа хөгжилд хувь нэмрээ олон жил оруулсан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтын үеэр АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв ахмадуудад баярын мэнд хүргэж, Монгол Улсын аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлд нь талархал илэрхийлэв.

Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын ахмадууд Ахмадын зөвлөлөөрөө дамжуулан салбарынхаа үйл хэрэгт идэвхтэй оролцож, өөрсдийн мэдлэг, туршлагаа залуу мэргэжилтнүүдтэй хуваалцахын зэрэгцээ бодлого, үйл ажиллагаа болон тулгамдсан асуудлаар санал, зөвлөмжөө өгч ажилладаг уламжлалтай. Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам салбарынхаа залгамж холбоог бэхжүүлж, ахмад үеийн хуримтлуулсан мэдлэг, туршлагыг залуу мэргэжилтнүүдэд уламжлуулахад анхаарч ажиллаж байна




