ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНД АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ НЭГДЛЭЭ
Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг.
Тус аяныг Монгол Улсад анх 1997 онд төрийн бус байгууллагын санаачилгаар зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2017 оноос хойш Жендэрийн үндэсний хороо нь аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудыг аянд нэгдэхийг уриалж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.
2026 онд тус аяныг дэлхий нийтээр “Эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө нэгдье: Цахим ба бодит орчинд шударга ёсыг хангаж, хохирогчдыг хамгаалан, ял завших байдлыг төгсгөл болгоё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр байна.
Төрийн нарийн бичгийн дарга, жендэрийн салбар зөвлөлийн дарга Б.Дашпүрэвээр ахлуулсан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон тус яамны Жендэрийн салбар зөвлөл тус аянд нэгдэж, хүчирхийллийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх санаачилгыг дэмжин ажиллах бөгөөд өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан холбогдох үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж, дэмжин ажиллахыг салбарын агентлагууд, ААН-үүдэд уриалж байна.

![]()