ГЕОЛОГИЙН САЛБАРЫН ТҮҮХТ ОЙГ ТЭМДЭГЛЭЖ, САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ТӨРИЙН ОДОН, МЕДАЛИАР ШАГНАЛАА
Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсаны 87 жил, Монголын геологийн холбоо байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан баярын хурал болж, геологийн салбарын үе үеийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, геологичид оролцлоо.
Баярын хурлыг нээж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв үг хэлж, салбарын үе үеийн геологичид, ажилтан, албан хаагчдад түүхт ойн баярын мэнд хүргэлээ.



Тэрээр геологичдын хөдөлмөрийн үнэ цэнэ, Монгол Улсын эдийн засагт оруулж буй хувь нэмрийг онцолж, Монгол Улсад орж ирж буй ам.доллар бүрийн цаана геологичдын хөдөлмөр, гавьяа бий. Тэд бол эх орныхоо газрын хэвлийд хаана, ямар эрдэс баялаг, хэдий хэмжээний нөөц байгааг судлан тогтоож, үндэсний баялгийг нээн илрүүлдэг стратегийн чухал мэргэжлийн хүмүүс болохыг тэмдэглэлээ.
Мөн геологийн салбарын мэргэжилтнүүдийн оролцоо, дэмжлэгтэйгээр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурлаар эцэслэн батлуулсныг онцолж, салбарын эрх зүйн шинэчлэлд хувь нэмэр оруулсан геологичид, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлэв.

Баярын хурлын үеэр геологийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, ажил мэргэжлээрээ манлайлсан ажилтан, албан хаагчдыг төрийн одон, медаль болон салбарын шагналаар шагнаж урамшууллаа.
Тодруулбал, нэг хүнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, хоёр хүнийг Алтан гадас одонгоор, 15 хүнийг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагналаа.
Монгол Улсын эрдэс баялгийн нөөцийг нээн илрүүлэх, геологийн судалгаа, хайгуулыг хөгжүүлэх, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн суурийг бүрдүүлэхэд геологичдын мэдлэг, ур чадвар, хөдөлмөр зүтгэл үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ





![]()